2007-05-21
МӨНГИЙГ ЗАХИРАХУЙ.
1. АНХНЫ АЛХАМ

Олонх хүмүүс цаг үргэлж мөнгөний бэрхшээлд орж байдаг. Тэр хүмүүсийн нэг би юм, магадгүй та ч бас байж болно.
Миний хувьд мөнгөний бэрхшээлтэй байдаг ч үүнийгээ "БЭРХШЭЭЛ" гэж бодохоосоо "байдаг л зүйл" гэж боддог маань бусдаас арай ялгагдах болов уу?
Ихэнх хүмүүс мөнгөний бэрхшээлээсээ, мөнгөгүйгээсээ болж мөнгө гэдэг амьдралыг орвонгоор нь эргүүлэх хүчтэй агуу зүйл гэж боддог.
Тэд "Би мөнгөтэй байсансан бол амьдралынхаа хамаг эрээн бараа, саад тодтгорыг үлдээн хөөж чадна" гэж яг л салхи үүлийг хөөн зайлуулдагтай зүйрлэн боддог.
Гэтэл үнэн чанартаа тийм биш гэдэгийг ихэнх "сая"-танууд нэгэн дуугаар зөвшөөрөх болно.
Би ч гэсэн нэгэн үе ингэж боддог байлаа.
Гэвч нэг буянтай монгол залуугийн ачаар өөрийн багш Германы тэрбумтан Бодо Шефртэй /би үнэндээ энэ хүнтэй уулзаж, ярилцаж, хичээл заалгаж байгаагүй/  эчнээ танилцсан юм.
Түүний зөвөлгөө миний амьдралд багагүй өөрчлөлтийг авчирсан гэж хэлж болно.
Өмнө би "баяжих ухаан" гэх мэт олон арван ном зохиол уншиж, лекц семинарт сууж, бас ч гэж өөртөө мөнгөн хуримтлал үүсгэж байсан ч надад ямар ч системтэй мэдлэг, үзэл баримтлал, цаашлаад агуу төлөвлөгөөнүүд байгаагүй учир би тийм ч өндөр амжилтанд хүрч чадаагүй юм.

Миний хувьд ихэнх хүмүүсийн адил мөнгө байгаа үедээ болж байна гэж бодоод, мөнгөгүй үедээ мөнгө яаж олох вэ? гэж толгойгоо гашлагдаг байлаа.
Гэтэл үнэнд мөнгө байгаа үедээ л яаж байнга тасралтгүй мөнгөтэй байх вэ? гэдгээ бодох нь хамгийн эрүүл зөв ухаан гэдгийг би ойлогсон. Энэ тийм ч агуу зүйл бус тун энгийн юм.
Хүмүүс гэнэт мөнгөний бэрхшээлд орох үедээ яаруу сандруухан зарж үрэх юм хайдаг, байхгүй бол шууд зээл хийхээр шийддэг, энэ үед зээлийн нөхцөл ямар байх нь нэг их хамаагүй болж хамгийн гол нь олдож байвал болоо гэж сэтгэдэгээс том алдаа хийдэг.
Гэтэл мөнгөний бэрхшээлд орохоосоо өмнө үүнийг тооцоолж байсан бол бидэнд бодох хугацаа ч, бэлтгэл ч хангалтай бус юм аа гэхэд тийм ч бага байхгүй байхсан.

Үүний нэг жишээ бол Их сургуульд байхад манай нэг найз санаандгүй сургалтын төлбөрөө үрчихсэн юм. Найз маань нэг хэсэг /нэг хэсэг ч гэж дээ 3 хоног л байх/ арабын шейх шиг л мөнгийг цацаж байсан даа. Харин тэр сарын дараа сургалтын төлбөр нь нэхэгдэхэд найз маань найз охиныхоо ээмэг бөгжнөөс эхлээд өнгөтэй өөд юу байна ломбарданд тавьж болох бүхнийг тавьсандаа. Үнэндээ тэгээд ч хүрээгүй өөрйнхөө, бас миний Алтангэрэлийн Англи-Монгол толийг авсан үнээс нь 2 дахин бага үнээр зарж билээ.
Найз маань энэ явдалын дараа хэсэг амс хийсэн, их том ажилын ард гарсан мэт налайж байсан даа. Гэвч сарын дараанаас л бажигдана гэгч болж, тэрнээс хойш сар бүрийн сүүлээр мөнгө хайж гүйдэг хүн болж билээ. Үнэндээ найз маань ломбардны хүү төлөхийн төлөө төрсөн хүн болсон доо. Сүүлдээ найз маань сэтгэл санаагаар унасан, хүнд итгэгдэхээ больсон, ер бол мөнгөний, тэр ломбардны боол болж билээ.

Тэгэхээр та бүхэн намайг юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх гэж найдаж байна.

Мөнгөний бэрхшээлд орсон ихэнх хүмүүс ердийнхөөсөө илүү тайван бус байсанаас буруу шийдвэр гаргах нь их байдаг, тиймээс болж өгвөл жаахан мөнгөтэй байгаа үедээ мөнгөний талаар бодож байх нь зөв юм. Эндээс л Мөнгийг захирах анхны алхам эхлэх байх даа.
Бичсэн: Тайж | цаг: 10:22 | САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Маш их таалагдлааа. Баярлалаа. Санал 100% нийцэж байна. Миний эргэн тойрны олон хүмүүст үүнийг л уншуулах хэрэгтэй юм байна.
Бичсэн: yuki цаг: 10:36, 2007-05-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)